P2018-09-27 - Удирдлагын нягтлан бодох бүртгэл хичээлийн бие даалтын удирдамж

 

Удирдлагын нягтлан бодох бүртгэл хичээлээрх бие даалтын ажлын удирдамж

 

1. Удирдлагын бүртгэлийн мэдээллийн систем. Дадлага хийж буй байгууллагын нягтлан бодох бүртгэлийн албаны бүтэц, зохион байгуулалт, тус албанаас удирдлагын шийдвэр гаргалт, төлөвлөлт, хяналтын үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагатай мэдээллийг бэлтгэхэд  хэрхэн оролцдог талаар болон удирдлагын бүртгэлийн мэдээллийн системийн зохион байгуулалттай танилцах. Байгууллагын удирдлагын мэдээллийн системд удирдлагын нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн гүйцэтгэх үүрэг, уялдаа холбоотой танилцах.

2. Зардлын төлөв, хамаарлын шинжилгээ. Байгууллагын үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус нийт үйл ажиллагааны зардлыг хувьсах, тогтмол, хэсэгчлэх хувьсахаар нь ангилна. Үүний тулд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын хувьд шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардал, шууд бус материалын зардал, худалдааны байгууллагын хувьд борлуулалтын өртөг зэрэг хувьсах төлвийн гэдгийг нь шууд тодорхойлох боломжтой зардлууд; үндсэн хөрөнгийн элэгдэл, түрээс, үл хөдлөх хөрөнгийн татвар, дулааны зардал зэрэг тогтмол төлөвийн гэдгийг нь шууд тодорхойлох боломжтой зардлуудыг тус бүрд нь ангилна. Үлдэх хэсэгчлэн хувьсах зардлуудыг /хувьсах ба тогтмол зардлын аль алины нь шинжийг агуулсан бөгөөд бөөн дүнгээр тодорхойлогдсон зардлууд/ материаллаг ба материаллаг бусаар нь ангилж материаллаг дүн бүхий зардлыг нь дараах аргуудын тусламжтайгаар хувьсах, тогтмол хэсгээр нь ялгана.

а. Дээд ба доод цэгийн арга

б. Регресийн шинжилгээний арга

Регрессийн шинжилгээний аргыг тухайн хэсэгчлэн хувьсах зардлын талаарх олон үеийн тоон мэдээллийг олох бололцоотой нөхцөлд ашиглах нь зохимжтой бөгөөд регрессийн шинжилгээний хүснэгт үйлдэн хэсэгчлэн хувьсах зардлыг хувьсах, тогтмол хэсгээр нь ялгахаас гадна хувьсагчдын харилцан хамаарлын хүч /корреляцийн ба детерминацийн коэффицент/, үнэлгээний стандарт алдааг тодорхойлж үнэлгээ өгнө. Хэрэв хэсэгчлэн хувьсах зардлын талаарх олон үеийн тоон мэдээллийг олох бололцоогүй бол түүнийг дээд ба доод цэгийн аргыг ашиглан ойролцоо байдлаар шинжилж хувьсах, тогтмол хэсгээр нь ангилж болно.

 

Материаллаг бус дүн бүхий хэсэгчлэн хувьсах зардлуудыг аль шинж чанар нь давамгайлж байгаагаас нь хамааруулж хувьсах эсвэл тогтмол зардлын бүрэлдэхүүнд оруулж, тооцооллын ажиллагааг хөнгөвчилж болно.

3. Хувьсах зардлын аргаар орлого, үр дүнгийн тайлан бэлтгэх. Байгууллагын орлого, үр дүнгийн тайланг хувьсах зардлын аргаар бэлтгэж, бүрэн шингээлтийн зардлын аргаар бэлтгэсэн тайлантай нь зэрэгцүүлэн үнэлэлт дүгнэлт өгөх. Хувьсах зардлын болон бүрэн шингээлтийн зардлын аргаар тайлагнагдсан үйл ажиллагааны цэвэр ашгийг харьцуулж, гарсан зөрүү, өөрчлөлтийн шалтгааныг тайлбарлах. Хувьсах зардлын аргаар бэлтгэсэн тайлангийн давуу талуудын талаар дүгнэлт хийх.

Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын орлогын тайланг хувьсах зардлын аргаар бэлтгэхдээ бүтээгдэхүүний өртгийг нь хувьсах зардлаар тооцоолж, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нь хувьсах зардалд хөрвүүлэх шаардлагатайг анхаарна уу. Тэрчлэн борлуулалтын орлогоос борлуулсан бүтээгдэхүүний өртөг ба хувьсах үйл ажиллагааны зардлыг хасч ахиуц ашиг, ахиуц ашгаас үйлдвэрлэлийн ба үйлдвэрлэлийн бус тогтмол зардлуудыг хасч үйл ажиллагааны цэвэр ашгийг тайлагнах бөгөөд үндсэн бус үйл ажиллагааны олз, гарз, ердийн бус үйл ажиллагааны олз, гарз, татварын зардал зэргийг бүрэн шингээлтийн зардлын аргынхтай адилаар авч татварын дараах цэвэр ашгийг тайлагнана гэдгийг анхаарна уу.

4. Зардал-Үйлдвэрлэл-Ашгийн хамаарлын шинжилгээ. Байгууллагын хувьсах зардлын аргаар бэлтгэсэн орлого, үр дүнгийн тайлангийн мэдээллийг ашиглан зардал-үйлдвэрлэл-ашгийн хамаарлын дараах шинжилгээг хийж гүйцэтгэнэ.

1.       Хугарлын цэгийн шинжилгээ. Байгууллагын орлого, зардал тэнцвэржих цэг буюу ашиг ч үгүй, алдагдал ч үгүй байх үйл ажиллагааны төвшинг тооцоолж, үнэлэлт дүгнэлт өгнө. Зардал-үйлдвэрлэл-ашгийн хамаарлын график дүрслэл болон ашгийн муруйн график дүрслэлийг хийж үзүүлнэ.

2.       Зорилтот ашгийн шинжилгээ. Ирэх сар, улирал, жилийн зорилтот ашгийг олоход шаардагдах үйл ажиллагааны төвшинг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгнө. Зорилтот ашгийг татварын дараах цэвэр ашгаар авах бөгөөд татварын нөлөөллийг тусган үзүүлнэ.

3.       Хамгаалалтын заагийн шинжилгээ. Хамгаалалтын заагийг абсолют дүнгээр болон хувиар илэрхийлж дүгнэлт өгнө.

4.       Зардлын бүтэц ба хөшүүргийн шинжилгээ. Байгууллагын нийт зардалд эзлэх хувьсах ба тогтмол зардлын бүтцийг тодорхойлж шинжилнэ. Тэрчлэн үйл ажиллагааны ба санхүүгийн хөшүүргийн зэргийг тооцоолж, шинжилгээ хийнэ.

Зардал-үйлдвэрлэл-ашгийн хамаарлын дээрх шинжилгээдэд ашиглагдсан хязгаарлалт, нөхцлүүдийн талаар тайлбар хийнэ.

5. Мастер төсөв боловсруулалт. Байгууллагын мастер төсөв буюу нэгдсэн төсвийг жилээр эсвэл улиралаар боловсруулна. Жилээр боловсруулбал улиралаар задалж, улиралаар боловсруулбал сараар задалж бэлтгэнэ. Тэрчлэн мастер төсвийг борлуулалтын төсөв, үйл ажиллагааны төсөв, мөнгөн гүйлгээний төсөв, төсөвлөгдсөн санхүүгийн тайлан гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээр хийнэ. Энд үйл ажиллагааны төсөв нь олон тооны төсвөөс бүрдэх бөгөөд түүний бүрэлдэхүүн нь байгууллагын эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээс хамаарч янз бүр болно гэдгээ анхаарна уу.

Мастер төсвийг боловсруулахдаа юуны өмнө борлуулалтын прогноз, бэлэн бүтээгдэхүүн, барааны аюулгүйн нөөц, түүхий эд материалын орц, үнэ, аюулгүйн нөөц, нэгж бүтээгдэхүүнд зарцуулах шууд хөдөлмөрийн цаг, цагийн хөлс, хувьсах ҮНЗ ба үйл ажиллагааны зардлын норм, төсөвлөсөн тогтмол ҮНЗ ба үйл ажиллагааны зардал, борлуулалтын ба худалдан авалтын нөхцөл зэрэг төсвийн үндсэн өгөгдлүүдийг сайтар боловсруулах шаардлагатай бөгөөд тэдгээрт үндэслэн мастер төсвөө бэлтгэнэ.

6. Бараа материалын төлөвлөлт ба удирдлага. Байгууллагын бараа, материалын төлөвлөлт, удирдлагын үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт  дүгнэлт өгнө. Мастер төсвийн хүрээнд бэлтгэсэн худалдан авалтын  төсвийг  үндэслэн хэмнэлттэй захиалгын тоо хэмжээ буюу нэг удаагийн худалдан авалтаар хичнээн хэмжээний бараа, материал худалдан авбал хамгийн оновчтойг тодорхойлж, санал зөвлөмж бэлтгэнэ. Үүний тулд бараа, материалын хадгалалтын ба захиалгын зардлыг зөв ангилж, үндэслэлтэйгээр тогтоох хэрэгтэйг анхаарна уу. Түүнчлэн бараа, материалын аюулгүйн нөөцийн оновчтой хэмжээг тодорхойлж, бараа материалыг хэдийд захиалах графикийг гаргана. 

7. Хариуцлагын бүртгэл тайлагнал. Байгууллагын зохион байгуулалтын бүтэц, хариуцлагын тогтолцоо, хариуцлагын бүртгэл тайлагналын системтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт өгнө. Байгууллагын хариуцлагын төвүүдийг зардлын төв, ашгийн төв, хөрөнгө оруулалтын төвүүдээр ангилж, тэдгээрийн ажлын үр дүнг байгууллага хэрхэн үнэлж байгаатай танилцаж, санал зөвлөмж бэлтгэнэ.

8. Уян хатан төсөвлөлт ба зардлын хяналт. Байгууллагын үйл ажиллагааны хэд хэдэн төвшингээр уян хатан төсөв боловсруулна. Үүний тулд тогтмол зардлыг сар, улирал, жилийн нийт дүнгээр, хувьсах зардлыг нэгжид ноогдох нормоор нь төсөвлөх шаардлагатайг анхаарна уу. Түүнчлэн зардлыг хувьсах, тогтмолоор нь ангилж уян хатан төсвийг бэлтгэхээс гадна хянагдахуйц ба үл хянагдахуйц зардлаар нь бэлтгэх шаардлагатайг анхаарна уу.

Байгууллагын өмнөх тайлант хугацааны үйл ажиллагааны төвшинд гарвал зохих зардлын уян хатан төсвийг бэлтгэж, түүнийг уг тайлант хугацааны гүйцэтгэлийн зардалтай зэрэгцүүлэн зөрүү хэлбэлзлийг шинжилж, тайлагнана. Байгууллагын удирдлагад зориулж зардлын төлөвлөлт, хяналттай холбоотой санал зөвлөмж бэлтгэнэ.

9. Удирдлагын шийдвэр гаргалт. Байгууллагын урт ба богино хугацааны шийдвэр гаргалтын технологитой танилцаж, үнэлэлт дүгнэлт өгнө. Удирдлагын богино хугацааны шийдвэр гаргалттай холбоотой тусгай захиалгыг биелүүлж болох доод үнэ; байгууллагын үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны талбайг түрээслэх боломжит үнэ; бүтээгдэхүүний эд анги, нэгж хэсгийг гаднаас худалдан авах боломжит үнэ зэргийг тооцоолж, санал зөвлөмж бэлтгэнэ. Байгууллагын удирдлага хөрөнгө оруулалтын хувилбаруудыг үнэлж, шинжлэхэд ашиглаж буй аргуудтай танилцаж, санал зөвлөмж бэлтгэнэ.

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2020-05-17 -

Бичсэн: yurangerel
Маш их хэрэгтэй мэдээлэл байна мэргэжлийн зүгээс бичсэн болохоор энгийн надад зарим зүйлүүд ойлгомжгүй байгаа болохоор танаас ямар утас, хаягаар асуух бэ?
Бичлэг



:-)
 
xaax