P2009-05-18 - Зардал өртгийн тухай ойлголт

Зардал, өртгийн тухай ойлголт

Зардал болон өртөг:

            Зардлыг бүртгэж өртөг тоцож аж ахуйн нэгжүүдийг дотор нь үйл ажиллагааны чиглэлийг нь харгалзан дараах байдлаар ангилдаг. Үүнд:

-          үйлдвэрлэл эрхэлсэн-үйлдвэрлэлийн зардлыг бүртгэж, бүтээгдэхүүний өртгийг нийт болон нэгжийн дүнгээр тооцоолдог

-           үйлчилгээ эрхэлсэн-үйлчилгээний өртгийг цаг хугцааны үечлэлээр нь тодорхой үзүүлсэн үйлчилгээ бүрд хуримтлуулан тооцоолдог

-          худалдаа эрхэлсэн-худалдаалж буй барааны өртгийг хуримтлуулан бүртгэх замаар тооцоолдог

Хэдийгээр зардал, өртгийг нэг ижил ойлголт мэт үздэг ч өөр өөр ойлголт юм.

Зардал гэдэг нь, аливаа үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарч байгаа хөрөнгийн бууралт болон хөдөлмөр зарцуулалтыг мөнгөн дүнгээр илэрхийлсэн хэмжүүр юм. Өөрөөр хэлбэл зардал гэдэг нь нэг талдаа хөрөнгө болон мөнгөний бууралтыг харуулах боловч нөгөө талдаа  эх үүсвэр болох өр төлбөрийн өсөлтөөр хэмжигддэг. Ашиг орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаа хийгдсэн үр дүнд гарч байгаа цэвэр хөрөнгийн бууралтыг мөн зардал гэж ойлгож болох юм.

Аливаа үйл ажиллагааг ирээдүйд ашиг орлого олох, тодорхой үр дүн гаргахын тулд бизнесийн байгууллагууд явуулж байдаг. Тэгвэл өртөг гэдэг нь,  тодорхой обьектод хамаарах зардлын нийлбэрийг хэлнэ.

НББ-д өртгийг солилцох үнэ буюу орлого олохын тулд одоо золиосолж байгаа зардал гэж үздэг.

Өртөг болон зардал нь хэдийгээр салшгүй холбоотой ч дараах онцлогуудад ялгагддаг. Үүнд:

-          ихэнх төрлийн зардалд тодорхой обьект холбогдон гардаг боловч дангаараа өртгийг бүрдүүлж чадахгүй

-          зарим төрлийн зардалд өртгийн обект бус бүхий л үйл ажиллагааг хамарсан байдаг

Зардал болон өртөг нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нэг тал, харин бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэрэг нь уг үйл ажиллагааны нөгөө тал нь болдог. Иймээс үйлдвэрлэл, борлуулалт, үзүүлсэн ажил үйлчилгээний үр дүнг нь зардал болон өртөгт нь зэрэгцүүлэх замаар тухайн ажил үйлчилгээний үр дүн буюу ашиг алдагдлыг тодорхойлно.

Зардал болон өртгийн обьект:

            Тодорхой нэг төрлийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийг тодорхойлохын тулд бололцоот обьектоор нь зардлыг хуримтлуулан бүртгэдэг.  Инэгж зардлыг хуримтлуулан бүртгэсний дүнд тухай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийн обьект нь тодорхойлогддог.

            Өртгийн обьект гэдэг нь нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчимлгээний өөрийн өртгийг тодорхойлохын тулд зардлыг хамаатуулан бүртгэх, аливаа нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ буюу тохиолдол юм.  Тухайлбал: захиалга, үйлдвэрэлэлийн цех тасаг, дамжлага, үе шат, нэг төрлийн болон хэсэг бүтээгдэхүүн, гэрээ хэлцэл, төсөл гэх мэт өртгийн обьектуудыг дурьдаж болох юм. Ингэж өртгийн обьектыг сонгохдоо, удирдлагын системд гүйцэтгэх, төлөвлөлт, хяналт, удирдлагын үйл ажиллагааг уялдуулан сонгох ёстой.

            Өртгийн обектыг сонгохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:

-          тус тусдаа явагдаж байгаа үйл ажиллагааны зардлыг тусгайлан бүртгэж, үр дүнг нь тодорхойлох бололцоотой нөхцөлд бусад үйл ажиллагаатай нэгтгэж, нэг өртгийн обьект болгохгүй байх

-          зардлыг тодорхой бүтээгдэхүүн юм уу, цех тасаг, гэрээ хэлцэл, захиалгаар тус тус хуримтлуулан бүртгэж болох хамгийн оновчтой обьектыг сонгож бүртгэх

-          ямар ч зардлыг харгалзах обьектоор нь тодорхойлон хуримтлуулах, хувиарлах, мэдээлэх болоцоотойгоор өртгийн обьектыг сонгох

-          үйл ажиллагааны үр дүнг удирдлагад үнэн зөв тодорхойлж, түүнийг үндэслэн төсөв, төлөвлөгөө зохиох, гүйцэтгэлд нь хяналт тавих, шийдвэр гаргах бололцоотойгоор өртгийн обектыг сонгоно.

Өртөг болон зардлын обьектыг нэг ойлголт хэмээн ойлгож болохгүй. Өртгийн обьект нь ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, борлуулсан бүтээгдэхүүн болон барааны өртгийг тодорхойлоход ашигладаг бол үйл ажиллагааны болон бусад зардлыг хуримтлуулан бүртгэх, обьектоос зардлын обьект бүрддэг.

            Зардлын обьект нь аж ахуйн нэгжийн үр ашиг, хөдөлмөр зарцуулалтанд хяналт тавих, зорилгоор зардлыг зардлын зүйл тус бүрээр тооцон харуулдаг бие даасан данс тооцоо юм.

            Өртгийн обьект нь бараа, бэлэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, борлуулсны өртгийг тодорхойлоход ашиглагдаж байгаа бол, харин зардлын обьект нь өртгийн обьектоос гадна бусад үйл ажиллагааны зардлыг мөн хамаардаг.

            Аж ахуйн нэгж багууллагуудын зардлыг өртгийн болон зардлын обьектоор хуримтлуулан бүртгэж, тодорхойлохоос гадна, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэгжийн өртгийг тус бүрээр нь тодорхойлж, үр дүнг тооцож байх шаардлага тавигдаж байдаг байна. Нэгжийн өртгийг тодорхойлсноор тухайн нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнээс олох үр ашиг тодорхойлогдоно.

            Калькульяцийн обьект гэдэг нь тухайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээний нэгжийн өртгөөр тооцогдсон нэр төрөл тус бүрийг хэлнэ. Калькуляцийн обьект нь туханй нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэгжийг тодорхойлж байдаг учраас өртгийн обьекттой салшгүй холбоотойгоор авч үздэг байна.

            Калькуляцийн обьект нь калькуляцийн нэгжийг өөртөө багтааж байдаг. Калькуляцийн нэгж гэдэг нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэгжийн өртгийг тодорхойлоход ашиглагдаж байгаа калькуляцийн обьектын хэмжих нэгж юм. Тухайлбал: ширхэг /ш/, килограмм /кг/, цаг/ц/, километр/км/, тонн/тн/ гэх мэт.

            Дээрх обьектууд нь НББ-ийн болон төсөв, төлөвлөлтөнд нэгэн адил аргачлалаар хэрэглэгдэж байх ёстой.

Өртгийн обьектыг тодорхойлсны дараа тухайн өртгийн обьектод хамаарах зардлыг тодорхойлон бүртгэх нь нилээн төвөгтэй байдаг.  Учир нь зарим зардал нь үйлдвэрлэлтэй шууд холбоотойгоор гардаг бол зарим хэсэг нь үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардлагатай боловч үйл ажиллагааны олон төрлийг хамардаг. Өртгийн обьектод хамааруулж болохгүй зардлуудыг шууд бус зардал гэнэ.  Шууд бус зардлыг тухайн бэлэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд хамаатуулан бүртгэхдээ тусгай арга аргачлал, тохирох суурийг үндэслэн хуваарилдаг.

Өртгийн обьектоор зардлыг тодорхойлоход гарах бэрхшээл болон тухайн өртгийн обьектод зардлыг хамааруулж болох эсэхийг тодорхойлохын тулд дараах үндсэн шалтгааныг тодруулдаг байна. Үүнд:

-          зарим төрлийн зардал нь зөвхөн тухайн обьектыг бус бүхий л үйл ажиллагааг хамаарна

-          нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр болон үйлдвэрлэлийн нэгж хэсэг, цех тасгийн хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг шууд тухайн обьектод нь тодорхойлон бүртгэх бололцоотой боловч нэг буюу түүнээс дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байдаг

-          нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тохиолдолд өртгийн обьект нь тухайн бүтээгдэхүүн байх бөгөөд ийм нөхцөлд өртгийн обектод хамаарах зардлыг шууд тодорхойлон бүртгэх бололцоотой боловч өртөг тооцоход ашиглагдаж буй аргаас хамааран зардлыг шууд тооцох боломжгүй байдаг

-          зарим үйлдвэрийн газарт үйлдвэрлэлийн нэг механизмаар хэд хэдэн төрлийн эсвэл нэг төрлийн хэд хэдэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бий болгодог. Эдгээр нь мэдээж үйлдвэрлэлийн явцад хэдийгээр нэг механизмаар, нэг төхөөрөмжөөр үйлдвэрлэгддэгч өөр өөр зардал гаргадаг. Иймээс бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ тус бүрээр өртгийн обьектыг тодорхойлж, зардлыг шууд хамаатуулж болдоггүй.  Энэ тохиолдолд тухайн өртгийн обьектыг бус нийт үйлдвэрлэлийг хамарч байгаа шууд бус зардлыг хуваарилахдаа тусгай аргачлалыг ашигладаг.

Шууд бус зардлыг хуваарилах арга зүйг сонгохдоо тухайн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээтэй, холбогдон гарч байгаа зардал хуваарилах зарчмыг бодитойгоор тооцож байж сонгох  хэрэгтэй юм.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax